Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Наробанчэн Данзанлхүндүв гэгээнтний Бат-Оршил өргөх ёслол боллоо.

2015-08-06

Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар Халхын 88 шидтэй, нар аргамждаг хэмээн олноо домогшин алдаршсан Наро Банчэн хувилгаан өмнө нь Энэтхэг орноо 5 удаа мэндэлж, цаст Төвдийн орноо 4 удаа, Монгол нутагт 6 удаа хувилан түмэн өлзий гийсэн түүхтэй билээ.

Наро Банчэн гэгээний зургадугаар дүр Жүгдэрнамжил лагшин гэрэлт биеэ хураахаасаа өмнө “Би сайн цаг ирэх үед Цагаан уулын талдаа, голоо өгсөж  дахин төрнө.” гэж ерөөл тавьжээ.

Ийнхүү Баянмөнхийн Цэдэн-Иш 2014 оны 10 сарын 9-ний өдөр Наро Банчэн гэгээний долдугаар дүрээр тодорч, Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц эрхшээн соёрхож “Халхын 84 шидтэний нэг, Ар Халхын 88 шидтэй Наро Банчэн хутагт эргэлзээгүй мөн.” хэмээн баталжээ.

Гэгээнтэнээр тодорсон батламжийг нь гардуулахдаа долдугаар гэгээнтэнд Далай багш Данзанлхүндүв хэмээх номын нэр хайрлажээ.

Наро Банчэн гэгээнтэний долдугаар дүр тодорхоосоо өмнө эрдэм чадал нь онцгой тодрон ялгарч, олон түмэнд хувилгаан хэмээн хүндлэгдсээр иржээ.

Монголд тодорч байсан өмнөх 6 дүрүүд нь бүгд Засагт хан нутгаас тодорч байсан юм. Гэгээнтэний өмнөх дүрүүдийн номын эрдэм чадал газар шороо, уул, ус, байгаль дэлхийг аргадаж өөрийн сүм хийдийг барьж авъяас билиг, эрдэм чадлаараа бишрэгдсэн хувилгаад байсан талаар Алтайчууд өнөө хэр ам дамжин хуучилсаар ирсэн.

Энэ оны долдугаар сард гэгээнтэн маань Засагт ханы гал голомт Алтай нутагт аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын урилгаар морилон саатаж тус аймгийн Тайшир сумын нутагт байдаг Наро Банчэн хүрээний хийдийн туурь дээр залран зон олныхоо буян заяаг тэгшитгэн шашны зан үйлүүд үйлдэж, дараа нь энэ сарын 06,07-ны билигт сайн өдөр Алтай нутагт Наро Банчэн гэгээнтэний Бат-Оршил өргөх томоохон арга хэмжээг нутгийн зон олонтойгоо ёслон тэмдэглэллээ.

Бат-Оршил өргөх ёслол шашин номынхоо дэг жаягийн дагуу зохион байгуулагдаж, сүсэгтэн олондоо гэгээнтэнээс ном айлтгаж, адис хүртээлээ.

Гэгээнтэний Бат-Оршил өргөх ёслолд хүндэтгэл үзүүлж эрийн гурван наадам хийж нутгийн зон олон хоёр өдрийн турш дэнж хотойтол сайхан наадлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%