Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

2020-07-10

Эртний түүхт Монгол улсын Төрт улс үүсэн байгуулагдсаны 2229 жил, Эзэн богд Чингис хааны үндэслэсэн Их Монгол улсын 814 жил, эрэлхэг зоригтой тэмцэгчдийн халуун цус бүлээн амины үнэтэй Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялсны 109 жил, эх оронч Дамдины Сүхбаатар тэргүүтэй улс Монголоо сэргээн мандуулах их үйлсийг эхлүүлсэн Ардын хувьсгалын 99 жилийн ой давхарлан зэрэгцсэн хотол олны маань цэнгэлийн манлай Үндэсний их баяр наадмын халуун мэндийг аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.               

           Үндэсний их баяр наадам нь Монгол хүн бүрийн хийморь золбоог нь бадрааж, эв нэгдлийг бататгаж, эрч хүчийг нь нэмж, төрт ёсны түүх соёлын үнэт өв уламжлалыг нь арвитган баяжуулдаг эрхэм хүндэтгэлт баяр цэнгэл билээ.

           Бид бүхэн үндэсний их баяр наадам, эдгээр тэгш дүүрэн ойн баярыг шинэ бүтээн байгуулалт, урлаг спорт, уул уурхай, мэдээлэл технологи, мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, ахуйн үйлчилгээ гээд бүхий л салбарт арвин их ажил үйлс өрнүүлж, амжилт бүтээлээрээ угтаж байна.

           Алтайчууд маань уламжлалт мал аж ахуй, газар тариалангаа эрхлэн хөгжүүлж, аж амьдралаа сайжруулахын зэрэгцээ орон нутгийн удирдлагууд иргэд оршин суугчидынхаа нийтлэг эрх ашиг, нийгмийн байдлыг сайжруулахын төлөө үйлдвэрлэл, үйлчилгээний бүх салбарыг жигд хөгжүүлэхэд анхаарч, 18 сумын төв, 2 тосгон, аймгийн төв Алтай хотыг өнөөгийн өнгө төрхтэй болоход иргэн бүрийн үүрэг оролцоо нэн чухал байрыг эзэлж, бодит хувь нэмэр ур ухаан, хүч хөдөлмөрөө шингээж ирснийг дурьдахад таатай байна.

            Түүгээр ч барахгүй дэлхийн болон эх орныхоо уудам хязгаар нутаг бүрт Алтайгаараа овоглосон олон арван хүмүүс улс төр эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт ажил хөдөлмөрөөрөө манлайлан эрхэлсэн ажилдаа амжилт, ахиц дэвшил гаргаж, нутаг орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа бөгөөд Алтайчууд бид тэднээрээ бахархан дурсаж байх ёстой.

         Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанас 2020 оныг “Нутгийн хөгжилд - Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх” жил болгон зарлаж иргэдийн идэвхи оролцоог дэмжиж, бүхий л талаар хамран ажиллаж олон бодит бүтээн байгуулалтын ажлууд хийж, тодорхой үр дүнд хүрсэн он жил болгохыг зорьж байна.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, баруун бүс нутгийг авто замтай болгох, цаашлаад бүх аймгуудыг сум суурин газруудыг засмал замтай болгох, төмөр замын томоохон төсөл хэрэгжүүлэх бодлого барьж ажиллаж байгаагийн үр дүнд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Байдрагийн гүүрнээс Говь-Алтай аймгийн Дэлгэр сум чиглэлийн 126.7 км хатуу хучилттай зам энэ ондоо багтаж ашиглалтад орсоноор Говь-Алтай төдийгүй баруун аймгууд Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдох, мөн аймгийн төвийг цэвэр усаар хангах “Тайшир-Алтай” зэрэг томоохон төслүүд хэрэгжиж бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.

Алтай нутгаа цэцэглүүлэн хөгжүүлэх дүүрэн итгэлтэйгээр энэ жилийн Үндэсний их баяр наадамтайгаа золгон буй хотол олон  Та бүхэндээ баяр баясгалангийн дээд, эв эе, эрүүл энхийн жаргаланг хүсэн ерөөе.

Улсын их баяр наадмаар Алтай нутгийн зон олон та бүхэн маань дэлгэр сайхан наадаж, бөхчүүд маань хүч бяртай сайхан барилдаж улс, аймгийн шинэ цол хүртэцгээн, улс, бүсийн уралдаанд уяачдын маань ажнай хурдан хүлгүүд айраг түрүү олныг авч, эрхий мэргэн харваачидаа цэц мэргэн, гоц мэргэн болохын билэг ерөөл өргөе.

           Үндэсний их баяр наадмаараа түвшин сайхан наадан цэнгээрэй.

         

Эр бяраараа эзэн нь байж

Эрмэг хурдаараа тод магнай байж

Эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж,

дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%